Огноо: 2016/11/18

ДОЛООН ХҮҮХДИЙН ЭЭЖ ӨРХ ТОЛГОЙЛСОН БҮСГҮЙ Ц.ГАНЧИМЭГТ ТУСАЛЛАА

138       Хэрлэн сумын 5-р багт 0-18 насны 7 хүүхэдтэйгээ таван ханатай гэрт амьдардаг Цэсэнгийн Ганчимэг бүсгүйд тусалж, байшинг нь барьж дуусгах сайн үйлсийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ оны хавар өрх толгойлсон бүсгүй Ц.Ганчимэгийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас хэрэгжүүлдэг “Шинэ байшин” төсөлд хамруулсан боловч хүн хүч муутайн улмаас байшингаа битүүлж чадалгүй өвөлтэй золгож, төслийн хугацаа ч дууссан байна. Иймээс Дэлхийн зөнгийн хамт олон ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал хэмээн бүсгүйд тусалж, хэрхэн байшинг нь барьж дуусгах арга хайн багийн ахлагч Б.Мөнхжаргал нь “Хэнтийн мэдээ” сонины редакцид анх хандсан юм. Ингээд тус сонины сэтгүүлч өрх толгойлсон бүсгүйн тухай сурвалжлага бэлтгэн сонины дугаар, цахим хуудсандаа нийтэлснээр сайхан сэтгэлт хүмүүсийн хандив цугларч эхэлжээ.

        Тус хандивын дансанд: Г.Чинбаяр захиралтай Хэнтий аймгийн Барилгын “СИ ЭЙЧ БИ ЖИ КОНСТРАКШН” ХХК-200 мянган төгрөг, Д.Одонтунгалаг эрхлэгчтэй “Хэнтийн мэдээ” сонины редакц-100 мянган төгрөг, Э.Хишигтогтохын гэр бүл-50.000 төгрөг, Б.Даваажавын гэр бүл-50 мянган төгрөг, Т.Наранбаатарын гэр бүл-40.000 төгрөг, н.Ариунжаргал 20.000 төгрөг гэх зэргээр бэлэн 500-аад мянган төгрөг, мөн С.Эрдэнэжаргал даргатай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 1 сая 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус үзүүлсэнээр ийнхүү сайн үйлсийн ажил амжилттай хэрэгжлээ. 5*8 хэмжээтэй уг байшинг битүүлэх, пийшин барих, дотор засал хийх зэрэг ажлуудыг Ц.Ганчимэгийн том 2 хүүтэй нь хамтран н.Батсүх хэмээх залуу хөнгөлөлттэй үнээр хийж гүйцэтгэсэн бол хашаа барих ажилд Б.Болд-Эрдэнэ багштай Хэнтий аймгийн МСҮТ-ийн сурагчид сайн дураараа оролцсон юм. Түүнчлэн Ш.Ариунтуяа шилэн хөвөн, Д.Эрдэнэбаатар нэмэх гэрэл, Г.Анирмаа 2 кг хадаас зэрэг барилгын материалуудыг өгч дэмжсэн залуус ч байв. Мөн үсчин н.Золзаяа бүтэн жилийн турш үнэгүй үйлчлүүлэх эрхийг Ц.Ганчимэгийн гэр бүлийнхэнд бэлэглэсэн юм. Дүн өвлийн хүйтэнд 7 хүүхэдтэйгээ ая тухтай өвөлжих, аж төрөх боломжийг бүрдүүлэхийн төлөө байшинг нь барьж дуусгах сайн санааны ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Дэлхийн зөнгийн багийн ахлагч асан Б.Мөнхжаргал, Хэнтийн мэдээ сонины эрхлэгч Д.Одонтунгалаг, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Төгсжаргал нар төлөөлөл болон Ганчимэг бүсгүйнд очиж, шинэ байшиндаа орж байгаад нь баяр хүргэлээ. Одоогоор байшингийн дотор заслын ажлыг хийж дуусгасан бөгөөд гадна талын засвараа урин дулаан цагт өөрөө хийж дуусгана хэмээн Ганчимэг бүсгүй ярьж байлаа.

       Хүн хүсвэл юуг ч хийж бүтээж чаддаг. Тиймээс 139цаашид байшингаа өнгөтэй өөдтэй болгох, үр хүүхдээ өв тэгш зөв хүмүүжүүлэх, өөрөө ажилд орж амьдрал ахуйгаа дээшлүүлэх хариуцлагатай үүрэг түүний өмнө үлдлээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар