Б.Шаравын нэрэмжит “Орчин үеийн дуу дуулаач”-ийн анхдугаар уралдаан өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Орчин үеийн дуу дуулаач”-ийн аймгийн уралдааныг аймгийн Засаг даргын ивээл дор Чингис хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор соёл урлагийн салбарын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээг шат дараатай ийнхүү авч хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, 2013 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит бүжгийн тэмцээн, 2014 онд Монгол Улсын ардын жүжигчин Шархүүхэний нэрэмжит “Ардын болон Уртын дуу дуулаачид”-ын уралдааныг тус тус зохион байгуулжээ.
Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын тайзнаа өнөөдөр эхэлсэн уралдааны нээлтэд Хөгжмийн зохиолч Б.Шарав өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байв. Тус уралдаанд Хэнтий аймгийн өнцөг булан бүрээс ирсэн 30 гаруй залуу уран бүтээлч өрсөлдөж байгаа юм.
Уралдааны шүүгчээр хөгжмийн зохиолч, МУСТА Б.Энхбаяр, ҮДБЭЧ-ын хор мистер, хөгжмийн зохиолч Самдангийн Тараа, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Ц.Баттөр, нарийн бичгээр Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын менежер н.Эрдэнэбат нар ажиллаж байгаа бөгөөд маргааш уралдааны дүнг гаргаж шагналыг гардуулна.
Төрийн соёрхолт, УГЗ, Чингис хааны одонт, Хөгжмийн зохиолч, Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ. Тэрбээр 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн юм. Харин 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг тус тус хүртжээ.
Түүний хувьд “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжмийг бичсэн уран бүтээлч юм.
Өнөөдөр түүний зохиол бүтээлүүд дэлхийн 40 шахам оронд тоглогдоод байна. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Нобелийн шагнал гардуулах ёслолын нээлтийн арга хэмжээнд эгшиглэсэн “Хэрлэнгийн домог”, “Хүүхэн хутагтын тухай”, “Бор борын бялзуухай” зэрэг олон бүтээл нь Монголын ард түмний агуу их өв, олон мянганы түүхтэй уртын дууны ая данд тулгуурлан туурвисан нь Монголын орчин цагийн хөгжимд томоохон шинэчлэл болсон гэдгийн мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг юм.
IMG_1712

IMG_1713

IMG_1756

IMG_1770

IMG_1786

IMG_1803

IMG_1812

Сэтгэгдэл бичих

Цаг агаар