АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

  IMG_1203   Хэнтий аймгийн цагдаагийн газраас иргэдийн санал шүүмжлэлийг хүлээн авч, хамтран ажиллах, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байлгах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олныг хүлээн авч уулзлаа.

     Уулзалтанд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат цаашдаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж болох талаар харилцан санал бодлоо солилцсон юм.

     2016 оны 11 сарын байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс 11,8 хувь буурсан байна. Энэ нь цагдаагийн байгууллагын хамт олны хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилснийг харуулж буй хэрэг юм. Цагдаагийн газраас ирэх жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч ажиллахаар олон ажлуудыг төлөвлөсний нэг нь ахуйн хүрээний архидалт, хүчирхийлэл, хулгайн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх зорилгоор “Сайн хөрш” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон сууцны орц, гэр хорооллын гудамж бүрийг камержуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжид тухайн орцны оршин суугчдын хандиваар цагдаагийн байрны нэг орцыг камержуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Мөн Чингис хотын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан хяналт тавихын тулд 50 камер нэмж суурилуулах шаардлагатай юм. Энэ ажлыг орон нутгийн төсвөөс шат дараатай хэрэгжүүлэхээр болжээ.

     Өнгөрсөн 2015 оны жилийн эцэст Хууль зүйн яамнаас гарсан тайланд олон нийтийн цагдаагийн ажилтан ажлуулаагүй цорын ганц аймаг Хэнтий аймаг байсан тул сум бүрт 1 хүн, аймаг бүрт 4 хүн ажлуулах хүсэлтээ аймгийн удирдлагуудад тавьж, дэмжигдсэн байна.

     Мөн “Архидалтгүй Хэнтий” хөтөлбөр, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, шинэ төрлийн гэмт хэрэг буюу кибер, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, өсвөр үеийнхнийг садар самуун явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Түүнчлэн гэмт хэрэгтэй холбогдолтой үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулдаг юм байна.

     Аймаг орон нутгийн зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнд хүргэх зорилго 173 сая төгрөгийг 2016 оны төсвийн тодотгол болон 2017 оны төсөвт суулгаж өгчээ. Энэ нь иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангах, цагдаагийн байгууллагын санаачлан хэрэгжүүлж байгаа ажилд чухал дэмжлэг болж байна.IMG_1225

Сэтгэгдэл бичих

Цаг агаар