АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДАД АЖИЛЛАА

    231Аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг зудтай, өвөлжилт хүндэрсэн зарим сумдын нутгаар явж малчидтай уулзан цагийн байдалтай газар дээр нь танилцлаа.

    Энэ жил Хэнтий аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож зарим газартаа хөрсний зузаан 20 см хүрсэн нь өвөлжилт эрт хүндрэх үндэс болоод байна. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Батноров, Дадал, Норовлин, Баян-Овоо сумдын нутгаар явж цас хамгийн их унасан газрын малчидтай биечлэн уулзаж, тэдний санал бодлыг сонсон, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдэж ажиллаа. Малчид малаа оторлон маллаж байгаа хэдий ч цас нэмж орвол байдал улам хүндэрнэ гэсэн айдастай байгаа юм. Хэдийгээр цасны нимгэн, бэлчээрийн байдлыг түшиглэн малчид маань отор нүүдлээ хийж байгаа хэдий ч зарим суманд нутаг усны үзэл гаргах, тусгай хамгаалалттай, дархан цаазтай газруудын хариуцсан байгаль хамгаалагчид, хөрш аймгийн нутагт ирж оторлолоо хэмээн хөөгдөх, ад үзэгдэх явдал цөөнгүй гарч байгаа аж. Гэвч цагийн байдлыг харгалзан үзэж өвлийг хохирол багатай давахын тулд малчдыг тусгай хамгаалалттай, дархан цаазтай газрыг үл харгалзан оторлох хэрэгтэй хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.

     232Малчдын өөр нэг санаа зовниж байгаа асуудал бол өвс, тэжээл, хужир дутагдалтай байгаа явдал юм. Зүүн болон хойд хэсгийн сумын малчид Баян-Овоо сумын нутгаас хужир авч байгаа хэдий ч чоно борооноор гэгчийн үлгэрээр зудтай байдлыг далимдуулан жалга довны үзэл гаргах, ашиг хонжоо хайгчид олширч байна гэсэн гомдол аймгийн Засаг даргад ирж байлаа. Уг гомдлын дагуу аймгийн Засаг дарга холбогдох, яам, аймаг, сумдын дарга нартай утсаар холбогдон газар дээр нь шийдвэрлэлээ.

      Мөн зудтай сумдын нутагт хүнд техникээр туслах, шаардлагатай тохиолдолд малчиддаа бүхий л хэлбэрээр туслах болно гэдгээ Засаг дарга малчид болон сумдын удирдлагуудад уламжиллаа. Энэ үеэр Засаг даргын зүгээс малчиддаа сэтгэлийн дэм болгон хэрэгцээний гурил, будаа, сахар болон малын хивэг гардуулан өглөө.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар