Хан Хэнтий нутгаа хөгжүүлэх үйлсэд гар бие, сэтгэл зүтгэлээрээ оролцож байгаа нутгийн найрсаг зон олныхоо амар мэндийг эрэн мэндчилье.
Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, туршлагатай парламентч, Аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба болон та бүхэнтэйгээ хамтран ажилласны дүнд аймагтаа томоохон хөрөнгө оруулалт татаж, түүхэн бүтээн байгуулалтыг өрнүүлж чадлаа.
Хөгжлийг бид зөвхөн байшин барилга, бүтээн байгуулалтын салбараар хязгаарласангүй. Хүнээ хөгжүүлэх чиглэлд мөн анхаарлаа. Боловсролын салбарт реформын шинжтэй олон талт арга хэмжээ авснаар ЭЕШ-д 20-р байранд жагсаж байсан Хэнтий аймаг гуравхан жилийн дотор эхнээсээ хоёрдугаар байранд эрэмбэлэгдэх боллоо. Бид Хан Хэнтийн ирээдүйдээ анхаарч бага, дунд шатны боловсролд бодлогоор анхаарч эхэлснийг сонордуулъя. Ажилгүйдэл 10 хувьд хүрч буурч, эдийн засаг 300-500 тэрбумд хүрч өслөө. Хүн ам 77 мянгад, эрдэнэт мал сүрэг 5,2 сая толгойд хүрч, хоёр жил дараалан малынхаа тоогоор улсдаа айргийн тав, дөрөвт орлоо. Хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, боловсролын салбарт Хөдөлмөрийн баатар, шинэ гавьяатууд төрөн гарлаа.
Бусад аймаг, орон нутагтаа жишиг болохуйц иргэн төвтэй шинэ загварчлалыг бий болгохоор “Иргэдийн оролцоотой Шинэ Хэнтий” төслийг хэрэгжүүлж, төрийн бүхий л үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог 75 хувьд хүргэлээ. Энэ оны эцэст 90 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сүүлийн хэдэн жилд хур бороо элбэг, газрын гарц сайтай байж жил бүр га-гаас 12 центнерээс дээш ургац хураан авсан бол төмснийхөө хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэгцээг 50 хувь хангаж эхэллээ.
Дөрвөн жилийн хугацаанд 506 тэрбум төгрөг аймагтаа татаж, бүтээн байгуулалт өрнүүлсэн нь 2000-2015 он хүртэлх 15 жилийн хооронд орсон хөрөнгө оруулалтын нийт дүнгээс 4 дахин илүү хөрөнгө оруулалтыг татсан судалгаа гарчээ.
Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээний зориулалтаар 200 шахам барилга байгууламж барьж, томоохон төслүүдийг эхлүүлээд байна. Үүнээс тоймолбол, аймгийн хэмжээнд 14 цэцэрлэг, 9 сургууль, 14 багийн төв, таван суманд Засаг даргын тамгын газрын барилга, 16 суманд дулаан, цэвэр ус, инженерийн шугам сүлжээ, 6 дотуур байр, 6 соёлын төв, аймгийн төвд төрийн үйлчилгээ үзүүлдэг 10 газар, хэлтсийн байрыг шинэчилсэн гэх мэт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаагаас гадна шилэн кабелыг бүх сумандаа суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг 13 суманд өргөтгөөд байна.
Чингис хот доторх 10 тэрбум төгрөгийн авто зам, Чингис хот-Бэрх, Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн авто замыг тавьж, нийгэм соёлын байгууламжуудыг сум бүртээ жигдхэн өрнүүлсэн. Нисэх буудлууд, Дулааны станц, Цэвэрлэх байгууламж, Эрчим хүчний шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг богино хугацаанд гараанаас гаргалаа. Цаашид ч эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, амжилттай гүйцэтгэж, хүлээн авах нь та бидний үүрэг хариуцлага юм.
Тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээгээр улсын хэмжээнд тэргүүлэх аймаг болж, 2019 онд газар нутгийнхаа 40.04 хувийг тусгай хамгаалалтад аваад байсан бол энэ жил бид Гутайн даваа, Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч чадлаа.
Хэнтий аймаг уул хөндий, ус мөрнөө ухаж газрын хэвлийн баялгаараа хөлжих биш Их Эзэн Чингис хааныхаа бүтээн босгосон түүх, бидэнд үлдээсэн өв соёл, газар шороог хамгаалж, хүн төрөлхтөнд сурталчилж, тогтвортой – түүхэн аялал жуулчлалын бодлогоороо хөгжих нь тодорхой болсон. Ийм ч учраас түүх, соёл, эд өлгийн дурсгалт аялал жуулчлалын зургаан цогцолбор баригдаж эхэлснээс гадна түүнийг дагасан зам харгуй, үйлдвэрлэл үйлчилгээ шинэ тутам байгуулагдаж эхэллээ. Ард иргэд маань итгэл үзүүлсний хүчинд сүүлийн 20 гаруй жил яригдсан ч шийдвэрлэгдээгүй байсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэж чадлаа.
Хан Хэнтий нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн, ажиллаж хөдөлмөрлөж яваа нутгийн нийт зон олон, хүүхэд, залуучууд, ахмадууддаа энэ ташрамд талархал илэрхийлье.
Монгол улс, Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлэхийг уриалж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ