Номын сайн нөхөр, “Д.Нацагдорж тэмдэгтэн” Сарантуяагийн Болортуяагийн санаачлагаар өнөөдөр Хэнтий аймгийн удирдлагууд Хэрлэн нэгдүгээр сургуулийн Л.Мөнхболор багштай 5е ангийн сурагчдад “Монголын нууц товчоо” бүтээлийг гардууллаа.
“Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” анхдугаар уралдаанд амжилттай оролцсон С.Болортуяа нь бүтээлч уншлагын аймгийн уралдааны аварга болж, Улаанбаатар хот, БНХАУ-ын Тянжинь хот, гайхамшигт “Бинхайн нүд” номын сангаар аялаж ирээд анги хамт олондоо МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ уншиж, цээжлэхийг уриалж, улсын уралдаанд орох зорилго дэвшүүлжээ. Тиймээс ангийн багш, эцэг эхчүүд нь хөхиүлэн дэмжиж номтой боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди гуайн 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн зарлигийг уншин сонордуулж, хэнтийчүүд Монголын нууц товчоог эрчимтэй судалж, үүндээ сурагчид идэвхийлэн оролцож буйг онцлов. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт багтсан “Ном уншицгаая” хөдөлгөөн, Оюунлаг хэнтийчүүд болох зорилтын хүрээнд хүүхэд залуучууд, төрийн албан хаагчдыг номтой нөхөрлүүлэх, номун далайн ач тус, илт гэрлийг сурталчилсан бүтээлч ажлууд өрнөж буйг дурьдлаа.
Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг ,утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, эх хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг билээ.