Энэ сарын 19-21 ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдсан Зүүн бүсийн идэрчүүдийн аварга шалгаруулах Волейболын тэмцээнд Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, Волейболын спортын дэд мастер М.Мөнхбаяр, Э.Доржжагдаг туслах дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Эрэгтэй болон эмэгтэй баг тус бүр алтан медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 10 баг хурд хүчээ сорин өрсөлдсөн бөгөөд тэмцээний шилдгийн шилдэг тэгш тоглолттой тоглогчоор Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин Ганболдын Тэмүүжин, Энхболдын Хүслэн нар шалгарчээ.
Амжилт үзүүлсэн баг тамирчиддаа аймгийн Засаг даргын орлогч, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн Ц.Чогсосжав, БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатара нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэрээ улсын аваргын тэмцээнд амжилттай оролцохыг баг тамирчиддаа захилаа.
Өсвөрийн шигшээгийн тамирчдын хувьд энэ сарын 25-с 4-р сарын 1-ний хооронд аймгийн БТСХ-ны зааланд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа бөгөөд Хэнтийчүүд, волейболын спортыг шимтэн сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж аймгийн шигшээ багаа дэмжихийг уриалж байна.