Өнөөдөр /2019.05.01/ аймгийн Онцгой комисс ОХУ-аас хил даван орсон түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос гарсан түймрийг 27-ны өдөр цурманд оруулж аюулгүй болгосон боловч 28, 29-ны өдөр салхины хүч ихссэний улмаас ойн түймэр дэгдэж, одоогийн байдлаар 24.400 га талбай шатаад байна. Түймрийн голомт дээр өнөөдрийн 11 цагийн байдлаар дөрвөн хэсэгт нийтдээ 312 хүн, 28 автомашин, 30 морьтойгоор ажиллаж байна.
Түймрийн тархац хойноос урагш 19 км, зүүнээс баруун тийш 15 км орчим гэж мэргэжлийн байгууллагынхан тогтоосон бөгөөд баруун тал нь Батширээт сумын Турагтхаан уул, Урд тал нь Батширээт сумын Цагаан горхи, Зүүн тал нь Биндэр сумын Амгалантын голын орчимд ойн түймэр асаж байна.
Аймгийн онцгой комиссын хурлын үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр, түймрийн голомт дээр хоол хүнс, аврагчид буулгасан, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан баг ажиллаж байгааг дуулгалаа. Мөн ойролцоо аймгууд болох Сүхбаатар, Дорнод аймгийн аврах бүлгийн 24 албан хаагч, ҮАБ-аас нэмэгдэл хүч ирж байгаа аж.
Хурлаар хүч нэмэгдүүлэн түймэртэй тэмцэж байгаа тул өнөө шөнийн цагийн байдлыг харах, маргааш түймэрт нэрвэгдсэн Батширээт, Биндэр сумд, мөн Дадал, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумдтай онлайнаар хуралдаж, хүн хүч нэмэгдүүлэх талаар зөвшилцлөө. Түүнчлэн түймэрт зарцуулагдсан бүлгийн холбооны станцын 5 сая төгрөг, Батширээт сумын хүнс, шатахууны зардал 5 сая төгрөг, шаардагдах жоотуу, хүрз, цахилгаан хөрөө, майханг яаралтай шийдвэрлэхээр болов.