Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, ААН-үүд хугацаа дууссан, чанаргүй бараа бүтээгдэхүүнүүд худалдан борлуулах нь ихэсдэг тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар 5 худалдаа, 3 үйлдвэрлэл, 5 хоол үйлдвэрлэлийн газар, 26 лангуу түрээслэгч нийт 39 хүнсний чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, дотоод хяналтаа сайжруулан ажиллах талаар үүрэг даалгавар өгчээ.
Шалгалтад хамрагдсан газруудын бэлэн бүтээгдэхүүн, хүрэлцэх гадаргуугаас эмгэг төрүүлэгч бичил биетэн илрүүлэх эрүүл ахуйн арчдасны шинжилгээ авч үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор нийт 60 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулаад байгаа юм.
Мөн хоол, хүнсний гаралтай халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Хэрлэн суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 30 иргэнийг хамруулан сургалт хийж, 5 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 2017 оны 12 дугаар сарын 29-ныг дуустал үргэлжилнэ. Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдийн гомдол мэдээллийг 7056-3113 дугаарын утсаар хүлээн авч байна.