Монгол улсын Засгийн газраас АХБ-ны 600 мянган ам.долларын санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт “Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийн нээлт өнөөдөр үргэлжилж байна.

Төслийн нээлтэд ЗГХЭГ-ийн Орон нутгийн удирдлага, Зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, тус төслийн Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн Ш.Алтанбадрал, зөвлөх эдийн засагч Гари Хо нар болон зүүн гурван аймгийн Төр хувийн хэвшлийн түншлэлийн төлөөллүүдийг хамруулсан 70 гаруй хүн оролцож байна.

Төслийн гол зорилго нь Зүүн бүсийн /уул уурхайн бус/ хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын бичиг баримт боловсруулах, өрсөлдөх чадварын судалгаа, бэлэн байдлын судалгаа хийж, судалгааны үр дүнд аймгуудыг тэргүүлэх бизнесийг тодорхойлох, бүсийн аймгуудын бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх,, Орон нутгийн төрийн албан хаагчид, оролцогч хувийн хэвшлийн ажилтнуудад техникийн сургалт явуулахад чиглэгдэж байгаа юм.
Өнөөдөр үдийн өмнө төслийн танилцуулга явагдаж, Гари Хо “Хувийн хэвшлийн эдийн засгийн боломжуудыг дэмжих”, Н.Баярмаа /төслийн статистикийн мэргэжилтэн/ “Зүүн бүсийн нийгэм, эдийн засгийн байдал”, З.Насандэлгэр /Төслийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн/ “Зүүн бүс дэх нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” зэрэг үндсэн илтгэлүүд явагдлаа. Үргэлжлээд Зүүн бүсийн малын эрүүл мэндийн асуудал, хувийн хэвшлийн хөгжилд төр, хувийн хэвшлийн зөвлөлийн үүрэг, оролцоо сэдвээр илтгэлүүд явагдаж, Төр хувийн хэвшлийн бүтэц, үйл ажиллагааны тухай хэлэлцүүлэг явагдах аж.