Нийгэмд “Нинжа” гэсэн нэр томьёо хэдийн танил болжээ. Нинжа гэдэг нь гар аргаар ашигт малтмал олборлогчид бөгөөд хуулийн хэллэг нь бичил уурхай эрхлэгчид юм.
Гэхдээ бичил уурхай эрхлэгчдийг үндсэн 3 бүлэгт хуваадаг. Үүнд хуваариа буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчид /нинжа/, сумын Засаг даргатайгаа албан ёсны гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүд, нөгөө хэсэг нь техникжсэн байдлаар газрыг сорчилж ажилладаг зохион байгуулалтад орсон томоохон бүлэглэлийг хэлдэг байна.
Одоогоор аймгийн хэмжээнд 7 сум 1 тосгоны 30 гаруй нөхөрлөл, 300 гаруй гар аргаар ашигт малтмал олборлогчид байдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэдийн ард олон айл өрхийн асуудал хөндөгддөг тул аймаг орон нутгаас хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлж, хөөж туухын оронд тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгал дэлхийгээ ухаж биш, жижиг дунд бизнес эрхлэх замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжоор хангах бодлого барин ажиллаж байна.
Тиймээс аймгийн Засаг даргын 2018.10.10-ны өдрийн А/331 тоот захирамжаар аймгийн бичил уурхайн зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр боллоо.
Тус зөвлөл нь бичил уурхайн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах, албажуулах, бичил уурхай эрхлэгчдийг тогтвортой ажлын байраар хангах, жижиг дунд бизнес эрхлэх замаар орлогын 2 дах эх үүсвэрийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах мөн тэдний оролцоотойгоор газрын хэвлийг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор байгуулагджээ.
Дэд зөвлөл нь 19 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Нарийн бичгээр ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал нар ажиллаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дэд зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцүүлэх, Хэнтий аймаг дах бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулах гишүүдийн үүрэг оролцоог тодорхойлох, Швеацарийн хөгжлийн агентлагийн ТБУТөсөлтэй 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд санал авах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Дараагийн хурлыг 11 дүгээр сардаа багтаан 8 сумын Засаг дарга, шаардлагатай мэргэжилтнүүдийн оролцуулж өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар товлолоо.