Өнөөдөр буюу Шинийн 8-ны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр бүрэн ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЭМЯ-ны салбар агентлагийн дарга нар болон аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар уригдан оролцсон юм.
Энэхүү барилгын зураг төсвийн ажлыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба 2011 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа эхлүүлж байсан бөгөөд нийт 16,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 12,5 мянган кв метр талбайтай, 345 өрөөтэй, жилд 75000 хүн амд үйлчлэх хүчин чадалтай, нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон 3200м2 явган хүний зам, авто зогсоол бүхий газар хөдлөлтийн 6 баллын өөрчлөлтөнд тэсвэртэй төмөр бетононоор баригдсан томоохон бүтээн байгуулалт болжээ.
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин барилга нь 1992 онд 120 ортойгоор ашиглалтад орсон ба 1994 онд 2 давхар болгон өргөтгөснөөс хойш ямарч засвар хийгдээгүй тул стандартын шаардлага хангаагүй нөхцөлд эмч ажилчид ажиллаж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж ирсэн юм.
Харин 25 жилийн дараа энэхүү шинэ барилга ашиглалтад орсноор Хэнтий аймгийн ард иргэд ая тухтай орчинд эмчлүүлж, эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа зэрэг олон давуу талууд бий болж байгаад иргэд баяртай байлаа.