Батширээт сумын Барх багийн малчин С.Намшир, Х.Мөнхцэцэг нарт аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар “Аварга малчин”-ы үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн аварга малчныг шалгаруулахдаа тухайн малчны нийгмийн хариуцлага, малын чанарлаг, таваарлаг байдал, мал маллах арга ухаан, бусдыг малжуулсан байдал, гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх зэрэг 20 гаран үзүүлэлтийг харгалзан үздэг.
Батширээт суманд сүүний үйлдвэрлэл эрхэлдэг дөрвөн компани энэ жил малчдаас 165.000 литр сүү 780 сая төгрөгөөр худалдан авсан бол 1,3 тэрбум төгрөгөөр өндөр ашиг шимт, махны чиглэлийн үхэр борлуулж, сумандаа нийтдээ хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ.
Аймгийн шинэ аварга, Батширээт сумын Барх багийн малчин С.Намшир сумынхаа ИТХ-ын төлөөлөгч, багийнхаа 43 айлыг нэгтгэсэн “Хайрхан” бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, “Таван эрдэнэ” хоршооны тэргүүлэгчээр ажилладаг, нийгэм, олон нийтийн зүтгэлтэн хүн. Анх 37 тооны үхэртэй мал аж ахуй эрхэлж, өдгөө мах, сүүний чиглэлийн 300 шахам үхэр өсгөжээ. Мах сүүний чиглэлийн Казахын цагаан толгой угшлын бухтай. Үйлдвэрт тушаах махны чиглэлийн үхрээ тусгайлан борддог. Тухайлбал, өвөлдөө харзны ус уулгаж бээрүүлээд, хашаанд өвс, тэжээл идүүлэх маягаар тарга хүчийг нь хадгалахын зэрэгцээ, махан тарга авхуулна. Ийнхүү Буриад аргаар бордсон нэг эр үхрийн махны гарц /нядалгын жин/ 270-320 кг орчим татдаг.
С.Намшир эхнэр Х.Мөнхцэцэгтэйгээ 1996 онд ханилж, гурван хүүхдийн эцэг эх болжээ. Хэнтий аймаг 2018 оноос малчдынхаа гэргийд аваргын цол, тэмдгийг гардуулан өгч эхэлсэн. Үүнд Х.Мөнхцэцэг малчин эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархалаа илэрхийллээ. Эднийх энэ хавар 70 шахам тугал авна. Сүүлийн жилүүдэд үндэсний ууган үйлдвэр “СҮҮ” ХХК-ийн ханган нийлүүлэгч өрхөөр ажиллаж, 6-р сарын аравнаас эхлэн хоёр сарын хугацаанд сүүгээ нийлүүлж байна. Өдөртөө 120-130 литр сүү 450-500 төгрөгөөр нийлүүлдэг, өдрийн орлого 60,000 төгрөгөөс буухгүй гэдгийг аварга Х.Мөнхцэцэг хэллээ. Мөн сүүлийн 3 жил сааль сүүний улиралд саальчин авч, сарын 350.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байгаа аж.
Хоёр малчинд аймгийн аварга малчин цол соёрхох ёслол, хүндэтгэлд Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Барх багийн ИНХ-ын дарга н.Мэндсайхан, Засаг дарга н.Чулуун, авга ах н.Лхагва, алтан хөрш н.Дугарсүрэн, н.Ганбаатар нарын 30 гаруй хүн хүрэлцэн ирлээ. 2018 онд Барх багийн иргэдийн хөдөлмөр зүтгэл, идэвх оролцоог үнэлэн нь сумын тэргүүний баг, хамт олноор тодруулжээ.